
Наадмын хөтөлбөр 2026 оны наймдугаар сарын 11-нээс 20-ны хооронд зохион байгуулсан “Bazaar” задгай худалдаа, соёлын арга хэмжээгээр эхэллээ. Энд зочид дэлхийн олон орны хоолыг амталж, дотоодын гар урлалын брэндүүдийн бүтээлтэй танилцахын зэрэгцээ үдэш бүр урлагийн тоглолт үзэх боломжтой байв. Нэгэн цагт Ази, Европыг холбож байсан эртний Хархорум хотоос санаа авсан “Kharkhorum” нь Монголын электрон хөгжмийн тэргүүлэх наадам бөгөөд нэр хүндтэй DJ, продюсерууд болон олон улсад алдаршсан дүрслэх урлагийн уран бүтээлчдийг нэг тайзнаа урьдаг.

Энэ жилийн наадмын онцлох мөч нь Ирландын нэрт дуучин, дуу зохиогч, Boyzone хамтлагийн гоцлол дуучин Ронан Китингийн тоглолт байлаа. Поп хөгжмийн нэрт төлөөлөгч тэрээр 30 гаруй жилийн уран бүтээлийн замналдаа дэлхий даяар 25 сая гаруй цомог борлуулжээ. Түүний “When You Say Nothing at All”, “Life Is a Rollercoaster”, “Lovin’ Each Day”, “If Tomorrow Never Comes” зэрэг хит дуу олон орны хөгжмийн чартыг тэргүүлж, өнөө ч сонсогчдын дуртай дуунуудын тоонд багтсаар байна.

Наадмын тайзнаа мөн Киевт төрсөн, мелодик техно, прогрессив хаус чиглэлээр уран бүтээл туурвидаг DJ, продюсер 8Kays тоглолоо. Тэрээр 2022–2024 онд Tomorrowland наадамд тогтмол оролцсоноос гадна UNTOLD, Afterlife, Awakenings, EDC, Burning Man зэрэг олон улсын томоохон арга хэмжээний тайзнаа гарчээ. Түүнчлэн 1970, 1980-аад оны аналог синтезаторын эгшгийг орчин үеийн хэмнэлтэй хослуулсан өвөрмөц ню-фанк дуугаралтаараа танигдсан Францын продюсер Dabeull, мөн 1980-аад оны синтезаторын ретро өнгө аясыг орчин үеийн электрон хөгжмийн эрч хүчтэй хэмнэлтэй хослуулдаг Kasablanca нар наадамд оролцлоо.
Нүүдэлчдийн өв уламжлалыг орчин үеийн хөгжмийн эрч хүчтэй хэмнэлтэй чадварлаг хослуулсан Монголын уран бүтээлчид наадмын уур амьсгалыг жинхэнэ утгаар нь асаалаа. Эхний өдрийн үдээс хойших хөтөлбөрийг DJ Tselmii, DJ Bilgwn, DJ Biliguudei нар цоглог электрон сетээр нээв. Сетүүдийн завсраар улирлын өнгө аясыг илтгэсэн үзүүлбэрүүд толилуулж, улмаар Bodhikuu, Dott, Ouissam b2b Emel, Leafar Legov нарын амьд тоглолтоор тайзны хэмнэл улам эрчээ авлаа.
Хоёр дахь өдөр тайзнаа хөгжмийн олон урсгал сүлэлдэв. Ардын болон электрон хөгжмийг хослуулсан фолктроника урсгалын анхдагчдын нэг “Дэлхий” хамтлаг үндэсний хөгжмийн зэмсгийн сэтгэлд хоногшим аялгууг байгалийн чимээтэй хослуулан эгшиглүүллээ. Харин хип хоп, инди урсгалын томоохон төлөөлөгчид болох 168, Cili & Friends, Blindfold, Mohanik нар амьд тоглолтынхоо эрч хүчээр үзэгчдийг доргиов. Бүрэнхий нөмрөхөд домогт “Камертон” хамтлаг тайзнаа гарч, олон жил сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудаа хоолой хоршуулан дуулсан нь дурсамж сэргээсэн мөч байлаа. Залгуулаад наадмын гол зочин Ронан Китинг тоглож, дараа нь Dabeull жаргах нарны туяан дор фанк хэмнэлээ эгшиглүүлэв. Харин The Colors эрч хүчтэй тоглолтоороо наадмыг өндөрлүүллээ.
Электрон хөгжмийн гүн хэмнэл, нүүдэлчдийн өнгө аястай фолктроникаас эхлээд үе үеийнхний сайн мэдэх поп хитүүд, сонссон даруйд тогтоогдох инди рок аялгуу хүртэл Монголын уран бүтээлчдийн хөгжим Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан олныг нэгтгэлээ. Үзэгчдийн дунд дотно дулаан уур амьсгал бүрдэж, уран бүтээлчдээрээ бахархах сэтгэл, баяр хөөр цэнгэлдэх даяар түгэв.
Энэ жилийн наадмын онцлох үйл явдлууд
- Өргөжсөн цар хүрээ. Өмнөх гурван удаагийн наадам AIC Steppe Arena цогцолборын битүү танхимд болсон бол энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд задгай талбайд зохион байгуулж, илүү олон үзэгч хүлээн авлаа.
- 360 хэмийн дижитал урлаг. “TIME” буюу “Цаг хугацаа” сэдэвт гол тайзны 12 метр өндөр, 300 метр урт, 360 хэмийн хүрээлсэн дэлгэцээр Хүннү гүрнээс эхлэн түүхийн таван томоохон эрин үеийг дижитал урлагаар амилууллаа. Уран бүтээлч бүрийн тоглолтод зориулан бүтээсэн дүрслэл хөгжимтэй хосолж, үзэгчдэд дуу, дүрсний орчинд бүрэн уусах мэдрэмж төрүүлэв.
- Киноны мэт орон зайн дуугаралт. Киноны найрал хөгжмийн дуугаралтыг бий болгох систем ашигласнаар хөгжмийн цуурай, орон зайн гүн илүү тод мэдрэгдэж, тоглолтын сэтгэл хөдлөлийг улам хүчтэй хүргэлээ. Амьд тоглолт, дижитал урлаг, орон зайн дуугаралтыг ийнхүү нэгтгэсэн нь Монголд өнөөг хүртэл толилуулсан энэ төрлийн хамгийн том хэмжээний бүтээл боллоо.
- Хоёр өдөр, олон урсгал. Эхний өдрийн хөтөлбөрийн гол зочдоор электрон хөгжмийн уран бүтээлчид Kasablanca, 8Kays нар тоглолоо. Хоёр дахь өдөр поп хөгжмийн нэрт дуучин Ронан Китинг, Францын продюсер Dabeull болон Монголын шилдэг уран бүтээлчид тайзнаа гарлаа.
Өмнө нь хөгжим сонирхогчид дэлхийн шилдэг DJ нарын тоглолтыг үзэхээр Мадрид, Милан, Франкфурт, Амстердам зэрэг хотыг зорьдог байсан бол “Kharkhorum” дүрслэх урлаг, хөгжмийн наадам тэрхүү мэдрэмжийг Улаанбаатарт авчирлаа. Хөгжим, дүрслэх урлагийг нэгэн тайзнаа уялдуулсан энэ удаагийн наадам нь Монгол Улс Tomorrowland-тай эн зэрэгцэхүйц олон улсын томоохон наадам зохион байгуулах ур чадвар, чадавхтайг харууллаа.
Цагааны Мөнхтүвшиний санаачилсан тус наадмыг “Степпелинк Холдинг” ХХК зохион байгуулж, “Ачит Ихт” ХХК алтан ивээн тэтгэгчээр оролцлоо.
COP17-ын зорилготой уялдуулан зохион байгуулагчид “Нэг тасалбар, нэг мод, нэг өв” аяныг эхлүүлж, тасалбарын орлогын тодорхой хэсгийг “Хархорум төгөл” байгуулахад зориулахаар боллоо. Аяны хүрээнд ирэх дөрвөн жилд 10,000 мод тарьж, Монгол орны цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.
