2026/09/03
BLAST Premier Open Ulaanbaatar 2027 тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдана
0

Монголын цахим спортын холбоо (MESA) цахим спортын дээд ангиллын (S-tier) “BLAST Premier Open” тэмцээнийг Улаанбаатар хотод гурван жил дараалан зохион байгуулах эрх авлаа. Улаанбаатарт болох анхны тэмцээн 1.2 сая ам.долларын нийт шагналын сантай бөгөөд 2027 оны тавдугаар сарын 10-наас 23-ны хооронд AIC Steppe Arena цогцолборт болно.

Цахим спорт, медиа контент үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг BLAST-ийн зах зээл болон тэмцээн хүлээн авах хотуудтай харилцах асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Жеймс Вуллард тэмцээний бэлтгэл ажлыг албан ёсоор эхлүүлэхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэрээр айлчлалынхаа үеэр MESA-гийн ерөнхийлөгч Ц.Мөнхтүвшинтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

0

“BLAST Premier Open” нь жилд хоёр удаа, өөр өөр улсад зохион байгуулагддаг дээд түвшний тэмцээн юм. Жил бүрийн эхний хагаст болдог тэмцээнийг гурван жил дараалан хүлээн авах эрх авсан нь Монголын цахим спортын түүхэнд онцгой үйл явдал бөгөөд салбарын хөгжилд бодит түлхэц өгнө.

MESA энэ хэмжээний тэмцээн зохион байгуулах эрх авахын тулд CS2-ын “MESA Nomadic Masters”, Dota 2-ын “MESA International” цувралын нийт гурван тэмцээнийг Монголд зохион байгуулж, олон улсын тэмцээн хүлээн авах чадавхаа харуулсан. Эдгээр тэмцээний нийт шагналын сан 450 мянган ам.доллар байв.

Монгол Улсыг сонгоход MESA-гийн зохион байгуулалтын туршлагаас гадна дэд бүтцийн чанар, тэмцээн болох цогцолборын хүртээмж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг Жеймс Вуллард онцоллоо.

AIC Steppe Arena-д болох “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээнд нийт 16 баг өрсөлдөнө. Үүнээс 11 баг Valve Regional Standings (VRS) дэлхийн чансаагаар шууд урилга авна. Үлдсэн таван эрхийг бүсийн сонгон шалгаруулалтаар олгох бөгөөд Азиас хоёр, Европ, Хойд Америк, Өмнөд Америкаас тус бүр нэг баг шалгарна.

Ингэснээр Улаанбаатарын хөгжөөн дэмжигчид дэлхий даяар гурван тэрбум гаруй үзэгчтэй цахим спортын дээд түвшний тэмцээнийг эх орондоо үзэх боломжтой болно. Мөн дэлхийн шилдэг багуудын өрсөлдөөнийг үзэхээр гадаадын олон зуун хөгжөөн дэмжигч Улаанбаатарт ирэх төлөвтэй байгаа нь хотын аялал жуулчлал, эдийн засагт томоохон түлхэц өгөхөөр байна.

0
Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 Степпе Линк Холдинг.