
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх “Сонсогчийн алдар” тэмцээний нээлтийн ёслолд оролцож, тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээний нэр хүнд жилээс жилд өсөж, цар хүрээ нь тэлэн, оролцогчдын тоо нэмэгдэж байгаад Ерөнхийлөгч баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тамирчдын ур чадвар дээшилж, гаргасан амжилт нь ахихын зэрэгцээ гардан тулааны спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо олширч байгааг онцлов.
Энэхүү тэмцээн нь “Эрүүл монгол хүн”, “Эх оронч Монгол” хөдөлгөөн болон үндэсний тэсвэр хатуужлыг бэхжүүлэх стратегийн зорилготой нийцэж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Төрт ёс, соёлын өв, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг, эрүүл чийрэг, бие бялдрын бэлтгэл сайтай, ёс суртахуунтай, сэтгэлийн хаттай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн олон санаачилгын нэг нь энэ тэмцээн юм.
Түүнчлэн хүүхэд, залуусын бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууныг цогцоор нь хөгжүүлэх зорилгоор бүх шатны сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт гардан тулаан, өөрийгөө хамгаалах арга барилыг тусгах санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Тэмцээн “Тулаан”, “Өөрийгөө хамгаалах” гэсэн хоёр төрлөөр явагдана. Цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан, сонсогчид, Өөрийгөө хамгаалах урлагийн холбоо болон бусад холбоо, клубийн тамирчид, мөн хувиараа оролцогчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөнө.
Жин тус бүрд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг шалгаруулж, шагнана. “Тулаан”, “Өөрийгөө хамгаалах” төрөлд түрүүлсэн тамирчид, мөн гарамгай техник, онцгой уран сэтгэмж, эр зориг гаргасан тамирчдад хүндэт “Улаан берет” малгай гардуулна.

Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа тодруулна.
“Сонсогчийн алдар” тэмцээнийг Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн хүндэт профессор, боловсрол судлалын доктор, Монгол Улсын Ардын багш, цагдаагийн хурандаа Содномдоржийн Хаянхярваа санаачилжээ.
1996 оноос хойш уг тэмцээнийг цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогчид, тулааны урлагийн клуб, холбоодын гишүүдийн дунд улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн.
1998 оноос эмэгтэй тамирчид, хүүхэд, залуус нас, жингийн ангиллаар өрсөлдөх болсон. Тэмцээнд ОХУ, Украин, Казахстан, Иран, Япон, Чех, Солонгосын тамирчид оролцож ирсэн бөгөөд 2003, 2008, 2013 оны тэмцээнүүдийг онцолж болно.
Энэ тэмцээнээс ONE Championship-ийн хошой аварга Ж.Нарантунгалаг, киокушинкай каратэ болон таеквондогийн дэлхийн аварга У.Гантөмөр, мэргэжлийн боксын дэлхийн хошой аварга Ч.Цэвээнпүрэв зэрэг дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарчээ.
Өдгөө Монгол Улсад тулааны урлагийн 20 орчим төрлөөр мэргэжлийн 50 гаруй холбоо, клуб үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын хэмжээнд 1,000 орчим секц, дугуйлан ажиллаж байна.
